Номын сангийн “боловсролын” хөтөлбөр (Library literacy)

Сүүлийн жилүүдэд олон салбарт янз бүрийн “боловсрол”-ын талаар ярих нь түгээмэл болсон. Жишээ нь: Мэдээллийн боловсрол, соёлын боловсрол, хэвлэл мэдээлэл, мэдээллийн суурь боловсрол (media and information literacy) гэх мэт. Дээрх “боловсрол”-ын нийтлэг шинж нь хэрэглэгчдэд тухайн сэдэв, зүйлийн талаар тодорхой мэдлэг олгохын зэрэгцээ суурь чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэдэг. 

Мэдээллийн асар их урсгал дундаас үнэн бодит, найдвартай эх сурвалжийг олох, түүнийг зөв ашиглах чадвар нь хүн бүрд адил байдаггүй. Энэ нөхцөлд номын сан нь зөвхөн ном хадгалж, уншигчид үйлчлэх газар бус, мэдээллийн боловсрол олгогч байгууллагын үүрэг гүйцэтгэдэг. Үүнтэй холбоотойгоор "номын сангийн боловсролын хөтөлбөр" хэмээх ойлголтыг бүгд нэг утгаар ойлгох шаардлагатай болжээ. 

Тодорхойлолт

Номын сангийн “боловсрол” гэж юу болох талаар судлаачид янз бүрийн тайлбарыг өгдөг боловч утга агуулга нь ойролцоо байдаг. Тэдгээрээс “номын сангийн боловсрол (library literacy) нь тухайн номын сангийн зүгээс хувь хүн, хэрэглэгчдэд зориулж номын сангийн үйл ажиллагаа, номын сангийн нөөцийг ашиглах мэдлэг, чиг баримжаа олгох хэрэгсэл”[3], “номын сангийн сан хөмрөг, үйлчилгээг ашиглах чадвар”[1] гэсэн тодорхойлолтууд түгээмэл ашиглагдаж байна.

Зорилго

Номын сангийн “боловсролын хөтөлбөр” нь уншигчдад мэдээлэл хайх, сурч боловсрох, чөлөөт цагаа өнгөрүүлэхдээ номын санг үр дүнтэй ашиглах мэдлэг, чадвар олгох зорилготой юм.

Ач холбогдол

  1. Номын санг ашиглах соёлыг төлөвшүүлдэг.
    Уншигч номын сангийн каталог, нээлттэй сан хөмрөг, цахим нөөц ашиглах мэдлэгтэй болно.

  2. Мэдээллийн боловсролын суурь болдог.
    Номын сангийн боловсрол нь мэдээлэлтэй харьцах суурь чадварыг суулгадаг бөгөөд мэдээллийн боловсрол, мэдээллийн ёс зүйг эзэмших эхний шат болдог.

  3. Бие даан суралцах чадварыг дэмждэг.
    Хэрэглэгч судалгаа хийх, эх сурвалжийг үнэлэх, эш татах чадварт суралцдаг. Энэ нь тухайн уншигчийн сурлага болон эрдэм шинжилгээний амжилтад эергээр нөлөөлнө.

  4. Номын сангийн үнэ цэнэ, нийгэмд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлдэг.
    Номын санг зөвхөн ном хадгалах газар бус, мэдлэг олгох боловсролын байгууллага болгож хөгжүүлдэг.

Үндсэн чиглэлүүд

Номын сангийн боловсролын хөтөлбөрт ихэвчлэн дараах чиглэлүүдийг хамруулан ойлгодог:

  1. Номын сангийн бүтэц, үйл ажиллагааны танилцуулга

    • Номын сангийн бүтэц, төрөл, зохион байгуулалт, 

    • Үйлчилгээний онцлог, журмыг танин мэдүүлэх,

  2. Мэдээлэл хайх, ашиглах чадвар олгох сургалт

    • Каталог, ангиллын систем, хайлт хийх, мэдээлэл шүүж олох аргыг заах, 

    • Найдвартай эх сурвалжийг таних, зохистой ашиглах

  3. Мэдээллийн ёс зүй, зохиогчийн эрхийн боловсрол

    • Ашигласан эх сурвалжаас эш татах соёл

    • Зохиогчийн эрхийн тухай ойлголт

  4. Мэдээллийн технологийн хэрэглээний сургалт

    • Мэдээллийн технологийн хэрэгсэл, цахим номын сан ашиглах

    • Хиймэл оюуны хэрэгсэл, номын сангийн веб сайт зэрэг мэдээллийн платформ ашиглах чадвар.

Ашигласан эх сурвалж:

[1] Humes, B. (1998, November 30). Understanding information literacy. ERIC. https://eric.ed.gov/?id=ED430577 

[2] Library literacy - salto. (n.d.). https://participationpool.eu/resource-category/information-critical-thinking/media-information-literacy/library-literacy/

[3] Odigie, Imoisili & Bako, Nafisat & Abdulsalam, Zikrat. (2021). Library Literacy Its role on the Usage of Libraries and Information Resources. 1. 25-34.