Уншигчийн цагийг хэмнэх буюу ухаалаг номын сан
Эш татах:
Хайдав, Т. (2025). Уншигчийн цагийг хэмнэх буюу ухаалаг номын сан. Номын Санч, 125(1), х. 5–15.
Хэрэгцээ шаардлага
Номын сангийн үйл ажиллагаа нь эрт цагт үүссэн цагаасаа хойш уншигчдын мэдээллийн хэрэгцээ, сонирхлыг хангахад чиглэгдэж ирсэн. Шинжлэх ухаан, технологийн хувьсалд тулгуурлан нийгмийн хөгжил, хувьсал хурдацтай өөрчлөгдөж байна. Нийгэм тасралтгүй хөгжин өөрчлөгдөхийн хэрээр номын сангийн үүрэг, бүтэц, үйл ажиллагаа нь тухайн нийгмийн хөгжилд нийцсэн байдлаар шинэчлэгдэх зайлшгүй шаардлагатай болдог. Ялангуяа шинжлэх ухаан, технологийн хурдацтай хөгжил нь нийгмийн өөрчлөлт, хувьслын гол хөшүүрэг болж, номын сангууд энэхүү хувьсалд дасан зохицож хөгжихийг шаардаж байна.
Ирээдүйн чиг хандлага зөвхөн зарим технологийн дэвшлийг хурдасгах төдийгүй, мэдээллийн болон био технологийн хам нөлөөний үйлчлэлээр аж амьдралын бүхий л хүрээнд хувьсгал хийх юм (Монгол Улсын Мянганы Хөгжлийн Зорилтод Суурилсан Үндэсний Хөгжлийн Цогц Бодлого:2008 2014). Сүүлийн 20 жилийн хугацаанд мэдээллийн технологийн хөгжил хурдтай хөгжсөнөөр зурагт, радио, гар утас, интернэт, электрон хэвлэл зэрэг мэдээлэл хүлээн авах суваг илүү өргөн болжээ. Нөгөө талаас ном уншихаасаа илүүтэйгээр “аудио визуал” мэдээллийг илүүд үзэх иргэдийн тоо өсөн нэмэгдсээр байна (Mohanad Alfiras 2020). Иргэдийн амьдралын хэв маяг, мэдээллийн технологийн хөгжлийг дагаад номын санд очих бус харин үйлчилгээг өөрийн байгаа газар хүлээн авах уншигчийн тоо нэмэгдэж, номын сангаас үйлчилгээний шинэ хэлбэрийг шаардах болжээ. Зөвхөн интернэт болон мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглахаас гадна, номын сангийн орчноос гадуур буюу хэрэглэгчдийн байршилд тулгуурласан мэдээллийн үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагааг өргөжүүлэх нь зүйтэй болж байна.
Онолын үндэс
Энэтхэгийн нэрт номын сан судлаач С.Р. Ранганатан өөрийн “Номын сангийн таван хууль” хэмээх онолд номын сангийн системийн үйл ажиллагаанд баримтлах үндсэн зарчмуудыг дараах байдлаар тодорхойлсон. Үүнд:
Ном бол ашиглагдах ёстой нөөц;
Уншигч бүр өөрийн хэрэгцээнд нийцсэн номтой байх ёстой;
Ном бүр өөрийн уншигчтай байх ёстой;
Уншигчийн цагийг хэмнэх хэрэгтэй;
Номын сан бол тасралтгүй хөгжиж байдаг организм мөн.
Эдгээр зарчмууд нь номын сангийн шинжлэх ухааны онол, практик, үйлчилгээний арга зүй болон номын сангийн бүхий л үйл ажиллагаанд өргөн хүрээнд хамааралтай бөгөөд өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй гэж үздэг (Haider).
Орчин үед иргэдийн амьдралын хэв маяг болон бусад хүчин зүйлээс шалтгаалан номын санд ирж үйлчилгээ авах иргэдийн тоо улам цөөрсөөр байгаа бөгөөд манай улсад нийт хүн амын 91% номын сангийн үйлчилгээнд хамрагддагггүй гэсэн судалгаа бий. Үндэсний статистикийн хорооноос 2019 болон 2023 онд хийсэн цаг ашиглалтын судалгааны үр дүнгээс харахад Монгол хүн унтах, хөдөлмөр эрхлэхээс бусад чөлөөт цагийн 23 хувийг гэрийн ажил хийдэг, 18% олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ашигладаг гэж хариулсан нь бусад зүйлд зарцуулдаг цагаас өндөр үзүүлэлт юм. Түүнчлэн нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдахгүй байгаа иргэдийн дунд хийсэн судалгаагаар тэдгээр иргэд үйлчилгээнд хамрагдахгүй байгаа гол шалтгаан нь “цаг зав муу” буюу завгүй байдалтай холбоотой болох нь тодорхойлогдсон байдаг (Хайдав 2025, 87).
Иймд С.Р. Ранганатаны номын сангийн шинжлэх ухаанд дэвшүүлсэн таван хуулийн нэг болох “уншигчийн цагийг хэмнэх” зарчмыг хэрэгжүүлэх шаардлага өнөөгийн номын сангуудын хувьд урьдынхаас илүү чухал ач холбогдолтой болж байна. Энэхүү шаардлага нь уншигчдад хүссэн цагтаа, өөрт ойр байршлаас номын сангийн үйлчилгээг хүртэх боломжийг бүрдүүлэх “ухаалаг номын сан”-гийн хэрэгцээг улам нэмэгдүүлж байна.
Зөөврийн номын сангийн хөгжил
Номын сангийн зүгээс уншигчийн цагийг хэмнэх чиглэлээр анхаарч, үйлчилгээг уншигчид ойртуулах чиглэлээр олон ажил хийж байснаас эрт эхэлж, өнөөг хүртэл ач холбогдлоо алдаагүй, ашиглагдсаар байгаа арга бол ном хүргэх үйлчилгээ юм. Ном хүргэх үйлчилгээ нь номын санд өөрийн биеэр ирэх боломжгүй уншигчдад ном хүргэхээс гадна уншигчдын цагийг хэмнэх боломжийг олгодог. Лондонд 1860-аад онд морин тэргээр зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлж байсан (Warrington mechanics' institution perambulating library 1860, 52) бол 1930 оны үед “Алхаж буй номын сан” (walking library) гэх ном хүргэх үйлчилгээ байжээ.
Зургийг: Illustrated London News Group. Image created courtesy of THE BRITISH LIBRARY BOARD
Зургийн тайлбар: Лондон дахь зөөврийн номын сангийн үйлчилгээ. 1860 оны орчим.
Ажилтнууд нүүрээ угааж, хувцсаа сольж, номын сангаас ирж ном авахад хүндрэлтэй байсан тул морин тэрэг бүхий зөөврийн номын сангийн үйлчилгээ нэвтрүүлснээр жилд 3000 хүрэхгүй ном олгож байсныг 12,000 болгон өсгөж чаджээ (Warrington mechanics' institution perambulating library 1860, 51).
Үйлчилгээний хүртээмж болон үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх зорилгоор номын сангууд тухайн цаг үеийн дэвшилтэт технологиудыг ашиглан хөгжиж ирсэн. Үүний нэг тод жишээ нь “хийн хоолой” ашиглан ном дамжуулах систем бөгөөд энэ нь номыг нэг цэгээс нөгөөд хурдан шуурхай хүргэх замаар үйлчилгээний хурд, бүтээмжийг эрс нэмэгдүүлж байв. Хийн хоолой ашиглаж нэг зүйлийг нөгөө байршилд дамжуулах ажил шуудан, зочид буудал зэрэг олон салбарт ашиглагдаж байсны нэг нь номын сан бөгөөд номыг нэг байршлаас нөгөө байршилд хурдан шуурхай хүргэхдээ ашигладаг байв.
Конгрессын номын санч Айнсворт Рэнд Споффорд сан хөмрөгийг үндсэн уншлагын танхимтай зэрэгцүүлэн байрлуулснаар ажилтнууд номын хүсэлтийг богино хугацаанд биелүүлэх боломжтой гэсэн санаа гаргахад барилга хариуцсан ахлах ажилтан Бернард Р.Грийн энэхүү санааг сайжруулж, хийн хоолой болон ном зөөвөрлөх механик системээр яндан хэсгүүдийг номын санчийн ширээтэй холбосон (Levy ба Wells 2022) тухай мэдээлэл 1897 оны 8 сард “Harper’s Weekly” сэтгүүлд нийтлэгджээ.
Зургийг: https://blogs.loc.gov/manuscripts/2022/04/the-book-delivery-system-at-the-library-of-congress/
Зургийн тайлбар: Конгрессын номын сангаас Капитол хүртэл ном хүргэх системийг дүрслэн харуулсан байдал
Хийн хоолой ашиглаж ном хүргэх энэхүү үйлчилгээ нь уншигчийн цагийг хэмнэх чухал ажил байв.
Зургийн тайлбар: Лондон дахь алхаж буй номын санг дүрсэлсэн зураг
Мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор номын санчид номын тавиурыг үүрч, олон нийтэд хүрч үйлчилж байсан энэ үйл ажиллагааг “алхдаг номын сан” хэмээн нэрлэдэг бөгөөд энэ нь зөөврийн номын сангийн нэгэн хэлбэрт тооцогддог.
Их хямралын жилүүдэд АНУ-д алслагдсан, хүрч очиход хүндрэлтэй бүс нутгийн иргэдийг мэдээллээр хангах зорилгоор морин тээврээр ном хүргэх үйлчилгээ нэвтрүүлж байв. Улмаар энэхүү санаачилгын хүрээнд тусгайлан тоноглосон автомашин ашиглах болж, энэ туршлага олон улсад түгэн дэлгэрч, өнөөг хүртэл амжилттай хэрэгжиж байна.
Зургийг: https://www.flickr.com/photos/nationalarchives/5415854993/
Зургийн тайлбар: Гаан улсын Аккра дахь зөөврийн номын сангийн машин.
Монгол дахь практик туршлага
Монгол улсад зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх замаар уншигчдын байгаа газар хүрч үйлчлэх ажил 1960-аад оноос эрчимжсэн гэж үздэг. Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийн асуудал аль ч цаг үед тулгамдсан асуудал байж, түүнийг сайжруулах талаар багагүй ажил хийгдэж байсан нь өнгөрсөн үеийн баримт бичгүүдэд тэмдэглэгдэн үлджээ. Монгол Ардын Хувьсгалт намын Төв Хорооноос “Номын сангийн ажлыг сайжруулах арга хэмжээний тухай” 1960 оны 126-р тогтоол гарч үүний дагуу номын сангийн үйл ажиллагаа эрчимтэй хөгжсөн байна.
Зургийг: Завхан аймгийн нийтийн номын санд хадгалагдаж буй зургийн цомгоос 2019 онд авсан зураг
Зургийн тайлбар: Завхан аймгийн номын сангийн "нүүдлийн номын сан" 1960 -д он.
Дээрх зурагт тухайн үед номын сангийн үйлчилгээг уншигчдад зөөврөөр хүргэж байсан талаар "Нүүдлийн журмаар явж ном уншуулахад хэрэглэдэг асар, түрдэг тэрэг шуудан хайрцгаар гадуур явж номыг уншуулдаг энэ хагас жилд 2000-3000 хүнд уншуулжээ" хэмээн тэмдэглэн үлдээжээ.
Өнөөгийн байдлаар Монгол улсад номын сангууд иргэдэд зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэхдээ Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын сайдын А/821 тоот тушаалаар 2018 онд баталсан “Зөөврийн номын сангийн үйлчилгээ үзүүлэх журам” баримталдаг.
Зургийг: https://umnugovilib.wordpress.com/2025/03/12/зөөврийн-номын-сан-сургуульд/
Зургийн тайлбар: Өмнөговь аймгийн нийтийн номын сангаас Даланзадгад сумын 5-р сургууль дээр зөөврийн номын сангийн уншлага үйлчилгээ хүргэн ажиллаж байгаа нь. 2025.03.12
Зургийг: https://scontent.fuln2-2.fna.fbcdn.net/v/t39.30808-6/478401603_3545607315743388_2242515324046206040_n.jpg?_nc_cat=108&ccb=1-7&_nc_sid=833d8c&_nc_eui2=AeGE_R9iuup2GIXZo1KaEDR56tjaTu26dOXq2NpO7bp05fWPzBz9VKAoUuhldyvYRaY&_nc_ohc=6I7q6JRMWNkQ7kNvwHaHh8M&_nc_oc=AdmnTnnthIkARGh1SatFADKT979SYzmCpYczOwC-1byMXZ34BD8XAMZ3vFEVhcxqiPE&_nc_zt=23&_nc_ht=scontent.fuln2-2.fna&_nc_gid=S-QYRx741ZpwRwF25J438w&oh=00_AfEMedASGfsJ2r-1WaSKU562NrCHWUrMVr_SzHJwSUkWoA&oe=67FE6C6E
Зургийн тайлбар: Архангай аймгийн нийтийн номын сангаас алслагдсан иргэдэд хүрч үйлчилж байгаа нь.
Дээрх журмын дагуу үйлчилгээ үзүүлэхдээ ихэвчлэн аль нэг байгууллага, иргэнтэй гэрээ байгуулсны үндсэн дээр, эсвэл алслагдсан газар амьдарч буй иргэдэд өөрийн автомашинаар очиж үйлчилгээ үзүүлэх аргыг хэрэглэдэг.
Ухаалаг номын сангийн хэрэглээ
Технологийн дэвшлийг дагаад номын сангууд уншигчийн цагийг хэмнэхэд чиглэсэн олон төрлийн үйлчилгээ, арга замыг нэвтрүүлж, хэрэгжүүлсэн бөгөөд 2000-д оны эхэн үеэс радио долгионоор таних технологи номын сангийн салбарт нэвтэрсэн нь олон чухал боломжийг нээж өгчээ. Бусад улс оронд зөөврийн номын сангийн үйлчилгээнд автомашин ашиглах аргыг ашиглаж байгаа ч радио долгионоор таних технологийн (RFID) тусламжтайгаар ухаалаг номын сангийн үйлчилгээ нэвтрүүлэх ажил эрчимтэй дэлгэрч байна.
Радио долгионоор таних технологи нь номын сангийн үйл ажиллагааг оновчтой болгох, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах чухал хэрэгсэл юм. Ном олгох, бүртгэл, тооллого зэрэг гар ажиллагаа их шаарддаг байсан ажлуудыг одоо радио долгионоор таних технологийн тусламжтай автоматжуулж, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлдэг. Сингапур улсын үндэсний номын сан 1998 оноос RFID технологийн тусламжтайгаар 24 цагийн турш ажилладаг ном буцаах хайрцаг ажиллуулсан (Sim 2015) нь цагийн хязгаарлалтгүй ном буцаахаас гадна номын сангаас алсад байрлах уншигчдад зориулсан ном буцаах цэгийг ашиглах боломж олгодог ажээ.
Орчин цагт уншигчийн цагийг хэмнэхэд чухал нөлөөтэй хэрэгсэл болох ном буцаах хайрцаг улам боловсронгуй болохын зэрэгцээ хөдөлгөөнт, зөөврийн номын сангийн үүрэг гүйцэтгэдэг роботууд ашиглаж эхэлжээ (Baldassari, Meet BookBot: Mountain View library's newest robot helper 2019).
Зургийг: https://www.mercurynews.com/2019/03/09/meet-bookbot-mountain-view-librarys-newest-robot-helper/
БНХАУ болон бусад улс орнуудад ном олгох, буцаах үйлчилгээ үзүүлдэг автомат машин 2008 оноос номын сангийн үйлчилгээнд эрчимтэй нэвтэрч (HUANG Minli 2021) улам ухаалаг болж байна. Зарим улсад ажилтангүй номын сан ажиллаж эхэлсэн бөгөөд уншигч нэвтрэх, ном авах, ном буцаах зэрэг бүхий л үйл ажиллагаа нь ухаалаг байдлаар шийдэгдсэн байдаг.
Ухаалаг номын сан нь номын санчийн оролцоогүйгээр уншигч номоо хайж олоод өөрийн картын тусламжтайгаар номыг авах, буцаах боломж бүхий радио долгтоноор таних технологид суурилсан номын сан юм. Энэ нь орчин үеийн хэрэглэгчдийн өөрчлөгдөж буй хэрэгцээг хангах, мэдээлэл олж авах, бусадтай холбогдох, насан туршдаа суралцах үйл ажиллагаанд оролцох боломжоор хангах зорилготой юм. Ухаалаг номын сан нь ном, сэтгүүл, мэдээллийн сан, мультимедиа материал зэрэг асар олон тооны цахим нөөцөд цагийн хязгааргүй нэвтрэх боломжийг олгохын зэрэгцээ автоматжуулсан систем, орчин үеийн цахим хэрэгслийг ашиглах боломж олгодог. Хэдийгээр үйл ажиллагааны зардал, техник, технологи ашиглахад бэрхшээл тулгарч болох ч ухаалаг номын сангуудын ашиг тус нь цахим шилжилт хийхэд дэмжлэг үзүүлдэг байна. Ухаалаг номын сан нь ашиглалттай холбоотой өгөгдөл цуглуулах, түүнд дүн шинжилгээ хийх, ном олгох буцаах зэрэг үйл ажиллагааг автоматжуулж, ашиглахад хялбар байлгах нь хүртээмжийг нэмэгдүүлэх чухал хүчин зүйл болно.
Өнөө цагт цахим шилжилт хийх, уншигчийн цагийг хэмнэх зорилготой ухаалаг номын сангийн “ном олгох ухаалаг шүүгээ”, “ном хүргэх үйлчилгээ”, “номын санчгүй номын сан” гэсэн төрлүүд дэлгэрч байна. Үйл ажиллагааны зардал, дэд бүтэц, ашиглахад хялбар байдал, номын сангийн байрнаас өөр газар байрлуулах боломжтой зэрэг шинжүүдийг харгалзан манай улсад “ном олгох автомат шүүгээ” ашиглах нь илүү тохиромжтой юм.
Ном олгох автомат шүүгээ нь уншигчдад номын сангийн ном хэвлэлээр цаг хугацаа, орон зайн хязгаарлалтгүй үйлчлэх боломж олгодог ухаалаг шүүгээ юм. Энэхүү ухаалаг шүүгээг ашигласнаар үйлчилгээний цагийг уртасгах, номын сангаас алслагдсан иргэд өөрт ойрхон газраас номын сангийн ном авах, буцаах боломжийг олгодог. Ухаалаг шүүгээ нэвтрүүлснээр номын сангаас ном захиалах үйлчилгээ 30% хүртэл нэмэгдэх боломжтой (remoteLockers for a Fantastically Active Community: Carmel Clay Public Library 2025) ажээ.
Зургийг: https://carmelclaylibrary.org/holds-pickup-locker
Зургийн тайлбар: Кармел Клей нийтийн номын сангийн ном олгох ухаалаг шүүгээ.
Энэхүү “ном олгох ухаалаг шүүгээ” ашигласнаар дараах боломжийг бий болгоно.
Номын санд шинэ үйлчилгээ нэмэгдэж, зөөврийн номын сангийн үйлчилгээнд ахиц гарна.
Үйлчилгээний цагийн хязгаарлалтгүй болсноор номын сангийн ажлын цагаар үйлчилгээ авч амжихгүй байгаа хүмүүст боломж бүрдэнэ.
Алслагдсан газар байрлуулснаар хол гэртэй, үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байгаа иргэдэд ном олгох, буцаан авах боломж нээгдэнэ.
Номын санчдын гараар хийх ажлыг багасгаж, ажлын бүтээмж нэмэгдэнэ.
Захиалга, ном олголтын өгөгдлийг автоматаар үүсгэх нь цаашдын ажлын төлөвлөлт, хэрэглэгчийн зан төлөвийг судлах боломж бүрдэнэ.
Үйлчилгээний хүртээмж нэмэгдэнэ.
Уншигчийн цагийг хэмнэх нь орчин үеийн номын сангийн зайлшгүй хэрэгжүүлэх зорилго бөгөөд үүнд ухаалаг шийдлүүд онцгой нөлөөтэй. Иймээс номын сан, номын санч бүр уншигчийн цагийг хэмнэх, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд тасралтгүй хөгжих, тэргүүн туршлагыг өөрийн онцлогт тохируулан хэрэглэх хэрэгцээ тулгарч байна.
Ашигласан эх сурвалж
British Newspaper Archive: Home | Search the archive. n.d. https://www.britishnewspaperarchive.co.uk (accessed April 9, 2025).
"A "Walking Library" in London, circa 1930s." A Brief History of Taking Books Along for the Ride. 17 05 2016. https://www.smithsonianmag.com/smart-news/a-brief-history-of-taking-books-along-for-the-ride-180959116/.
"A mobile library van." flickr. 04 02 2011. https://www.flickr.com/photos/nationalarchives/5415854993/.
Baldassari, Erin. "Meet BookBot: Mountain View library's newest robot helper." The Mercury News. 11 March 2019. https://www.mercurynews.com/2019/03/09/meet-bookbot-mountain-view-librarys-newest-robot-helper/ (accessed April 9, 2025).
Haider, Salman. "Five Laws of Library Science." LIBRARIANSHIP STUDIES & INFORMATION TECHNOLOGY. n.d. https://www.librarianshipstudies.com/2017/09/five-laws-of-library-science.html (accessed April 9, 2025).
"Holds Pickup Locker." Carmel Clay Public Library. n.d. https://carmelclaylibrary.org/holds-pickup-locker (accessed April 9, 2025).
Levy, Josh, and HG Wells. "The Book Delivery System at the Library of Congress | Unfolding History." Library of Congress Blogs. 21 April 2022. https://blogs.loc.gov/manuscripts/2022/04/the-book-delivery-system-at-the-library-of-congress/ (accessed April 9, 2025).
"remoteLockers for a Fantastically Active Community: Carmel Clay Public Library." Bibliotheca. 08 04 2025. https://www.bibliotheca.com/library-story-remotelocker-carmel-clay-public-library/.
"Зөөврийн номын сан-сургуульд." Өмнөговь аймгийн төв номын сан. 12 03 2025. https://umnugovilib.wordpress.com/2025/03/12/зөөврийн-номын-сан-сургуульд/.
"Нүүдлийн номын сан." Архангай аймгийн нийтийн номын сан. 16 06 2022. https://www.facebook.com/profile/100057691470600/search/?q=нүүдлийн номын сан.
Хайдав, Т. "Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжид нөлөөлөх хүчин зүйлс:докторын диссертаци." 2025. 175х.