Номын сангийн лавлагааны үйлчилгээ

Номын сангийн лавлагааны үйлчилгээ гэж юу вэ? (Reference service)

Уншигчдын соёл, чөлөөт цаг, судалгааны ажилд шаардлагатай мэдээллийн эрэлт хэрэгцээг биелүүлэхэд чиглэсэн үйлчилгээг номын сангийн лавлагааны үйлчилгээ гэнэ.  Энэ нь уншигчдын судалгааны ажил, суралцах үйл явц, соёл, чөлөөт цагийн хэрэгцээг дэмждэг, номын сангийн үндсэн үйлчилгээний нэг хэсэг юм.

Лавлагааны үйлчилгээний зорилго нь хэрэглэгчийн хэрэгцээнд нийцүүлэн тэднийг боломжит мэдээллийн нөөцтэй холбож, цаг хугацааг хэмнэх, үнэн зөв, найдвартай мэдээллийг хүргэх замаар номын сан болон хэрэглэгчдийн хоорондын холбоог хамгийн үр дүнтэй болгоход оршдог.

Лавлагааны үйлчилгээ нь номын сан бүрд зайлшгүй хийдэг, дараах үндсэн 3 аргын тусламжтайгаар уншигчдад мэдээллийг өгнө.

  1. Уншигчийн хэрэгцээнд нийцсэн бэлэн мэдээлэл;
  2. Уншигчийн хэрэгцээнд нийцсэн мэдээллийг хаанаас олох боломж чиглэл, зөвлөмж өгөх;
  3. Уншигч хэрэгцээт мэдээллээ эрж олох мэдлэг, чадвар олгоход чиглэсэн сургалт (Хайлт хийх арга, технологи).

Лавлагааны үйлчилгээний хэрэгцээ, ач холбогдол:

  1. Цаг хугацаа хэмнэнэ;
  2. Шаардлагатай мэдээллийг хэрэгтэй хүнд нь хүргэж өгнө;
  3. Судлаачдын хувьд үнэтэй мэдээлэл авдаг;
  4. Уншигчдын янз бүрийн асуултад хариулах;
  5. Эх сурвалжийг хэрхэн олж авах талаараа тухай уншигчид зөвлөгөө өгөх;
  6. Сан хөмрөгийн ашиглалтыг нэмэгдүүлнэ;
  7. Уншигч, номын санчдын хамтын ажиллагааг нэмэгдүүлдэг.

Лавлагааны үйлчилгээний төрөл

Лавлагааны үйлчилгээг асуултад хариулах хугацаанаас хамаарч бэлэн лавлагаа, урт хугацаат лавлагаа гэж хуваан үзэж болно.

  1. Бэлэн лавлагааны үйлчилгээ нь маш богино хугацаанд дуусдаг лавлагааны үйлчилгээ юм. Ихэнх бэлэн лавлах асуултууд хэдхэн минутын дотор, ихэвчлэн 30 минутын дотор шийдэгддэг. Нэвтэрхий толь, эмхэтгэл, лавлах, намтар, газар зүйн толь бичиг гэх мэт янз бүрийн лавлах ном, лавлагааны сангуудыг бэлэн лавлагааны үйлчилгээнд ихэвчлэн ашигладаг.
  2. Урт хугацаат лавлагааны үйлчилгээ нь шууд хариулт өгөх боломжгүй, зарим нь бүтэн өдөр, бүр долоо хоног ч зарцуулдаг. Ийм лавлагааны хувьд мэдээллийн хайлт нь ном, тайлан, тогтмол хэвлэл, судалгааны өгүүлэл гэх мэтээр үргэлжилнэ. Номын санд мэдээлэл байхгүй тохиолдолд бусад номын сангуудын нөөцөөс хайлтыг үргэлжлүүлдэг.

Лавлагааны үйлчилгээг манай улсад хэрхэн өгдөг вэ?

Манай улсад номын сангийн лавлагааны үйлчилгээ нь ихэвчлэн "анхан шатны зөвлөгөө" буюу бэлэн лавлагаанд төвлөрсөн хэвээр байна. Урт хугацаат лавлагаа, судалгаанд чиглэсэн үйлчилгээ хангалтгүй. Цахим лавлагаа, онлайн зөвлөгөө зэрэг шинэ хэлбэрүүд бага нэвтэрчээ.

Лавлагааны үйлчилгээг бусад улсын номын сангууд хэрхэн өгч байна?

Бусад улс оронд лавлагаа нь номын сангийн гол үйлчилгээ байсаар ирсэн бөгөөд одоо ч энэ төрлийн үйлчилгээнд илүү анхаарал хандуулдаг. Жишээлбэл Австралийн Монаш Их Сургуулийн номын санд лавлагааны үйлчилгээг олон сувгаар (AI онлайн чат, э-мэйл, биечлэн уулзах) үзүүлэхийн зэрэгцээ оюутан бүрд мэдээллийн боловсролын сургалтыг лавлагааны үйлчилгээтэй уялдуулан санал болгодог.

Лавлагааны үйлчилгээ ба хиймэл оюун

Сүүлийн үед номын сангууд байнга асуугддаг, номын санчаас багагүй цаг зарцуулах шаардлагатай болдог "анхан шатны зөвлөгөө" буюу бэлэн лавлагааны асуултад хиймэл оюунд суурилсан Чатбот ашиглах хандлага эрчимтэй дэлгэрч байна.

Чатбот нь номын сангийн веб сайтад хандсан хэрэглэгчдэд туслах зорилготой бөгөөд өдрийн аль ч цагт лавлагааны тусламжийг түргэн шуурхай үзүүлэх боломжтой. (Энэхүү блогт хиймэл оюунд суурилсан Чатбот ашиглаж байгаа бөгөөд хуудасны баруун доод буланд байгаа формын тусламжтай асуулт асуун "лавлагааны үйлчилгээ" авч болно)


Хэрэглэгчийн мэдээллийн эрэлт хүсэлтийг илүү сайн биелүүлэх, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхийн тулд лавлагааны үйлчилгээний бүртгэл хөтлөх шаардлагатай.

logo

Лавлагааны үйлчилгээний бүртгэлийн талаар илүү дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.

Цахим бүртгэл худалдаж авахыг хүсвэл ЭНД ДАРНА УУ.

Лавлагааны үйлчилгээний цахим бүртгэл - видео (Өгөгдсөн лавлагааны бүртгэл, татгалзлын дэвтэр)