Хэмжиж чадахгүй бол удирдаж чадахгүй
Номын сангийн үйл ажиллагаа нь уншигчдын мэдлэг, чадварыг нэмэгдүүлэх, тэдний чөлөөт цагийг үр бүтээлтэй өнгөрөөхөд чиглэгдсэн байдаг. Хийж буй ажлаа сайн хийж байгаа эсэхийг үнэлэхдээ тодорхой хэмжүүрүүд ашигласнаар үр дүнг үнэлэх боломжтой болно.
Аливаа зүйлийг сайжруулах, хөгжүүлэхийг хүсвэл эхлээд түүнийг хэмжиж, үнэлж чаддаг байх ёстой гэдэг. Хэмжилт хийх хэрэгцээ, түүний ач холбогдлыг хүмүүс эртнээс ойлгож, хойч үедээ тайлбарлан үлдээжээ. Үүний нэг нь Английн математикч Лорд Келвиний "Хэрэв та ямар нэг зүйлийг хэмжиж чадахгүй бол сайжруулж чадахгүй" гэсэн үг юм.
Лорд Келвиний хэлсэн үгийг 20-р зууны менежментийн томоохон сэтгэгч Питэр Дракер өөрийн салбарт хувиргаж "Хэмжиж чадахгүй зүйлээ та удирдаж чадахгүй" гэсэн алдарт үгээ хэлсэн байдаг.
Хэрэглэгчийн шаардлага, сонирхолд нийцсэн үйлчилгээ үзүүлэхийн тулд номын сангууд хийж буй ажил, үйл ажиллагаагаа тасралтгүй, үнэн зөв хэмжих хэрэгтэй. Цаг үеийн нөхцөл байдал, технологийн хөгжил гэх мэт олон зүйлээс шалтгаалж номын санд хийгдэх ажлын төрөл, тоо хэмжээ 20-30 жилийн өмнөхтэй адилгүй болсон. Иймд уншигчдын шаардлагад нийцэж ажиллахын тулд номын сан, номын санч бүр хийж буй ажлаа тасралтгүй хэмжих, үр дүнг үнэлэх шаардлагатай болжээ.
Өнөөдөр номын сангийн үйл ажиллагаа, хийсэн ажлын тоо хэмжээг хэмжих арга хэрэгслүүд байгаа ч цаг үеэсээ нэгэнт хоцрогдож, түүнийг сайжруулах хэрэгцээ тулгараад байна.
"Хэмжиж чадвал удирдаж чадна" гэх зарчмыг олон хүн, байгууллага хүлээн зөвшөөрдөг ч бодит амьдралд хэмжилт хийхгүй, үр дүнд анхаарлаа хандуулахгүй байх нь "хэрэгцээг мэдрэхгүй байх", "хэмжилт хийх чадамжгүй", "хэмжилтийн үр дүнгээс айх", "байгууллагын соёлын бэлэн бус байдал" зэрэг хүчин зүйлсээс үүдэлтэй гэнэ.
Өнөөгийн байдлаар Монгол улсад номын сангийн үйл ажиллагааг хэмжих өгөгдлийг 2005 оны 441-р тушаалын хавсралтуудад тулгуурлан цуглуулдаг ч ихэвчлэн гар аргаар хөтөлж байгаа нь дүн шинжилгээ хийх, шийдвэр гаргахад зарим талаар сөрөг нөлөө үзүүлдэг.
Үүний нэг илрэл нь номын сангаас зохион байгуулдаг соёл олон нийтийн ажил бөгөөд түүний бүртгэлд тулгуурлаж ямар нэг дүгнэлт гаргах, шийдвэр гаргах нь хязгаарлагдмал юм. Гэтэл энэ ажилд номын санчид ихээхэн анхаарал хандуулж, багагүй төсөв, цаг хугацаа, хөдөлмөр зарцуулдаг. Гэвч манай улсад үүнийг хэмжих, үр дүнг үнэлэх арга дутмаг тул өнөөг хүртэл "уламжлалт" аргаар явсаар байна.
Хийж буй ажлаа номын санч өөрөө хэмжихгүй бол хэрэглэгч өөрийн өнцгөөс хэмжиж, үнэлгээ өгдөг байна. Энэ үнэлгээ нь номын сан нийгэмд хэрэгтэй, эсвэл хэрэггүй гэх хандлагын аль нь нийгэмд хүчтэй байх үндэс суурийг тавьж өгдөг. Энэ талаар Стив Жобс "Таны хэр их хичээл зүтгэл гаргасныг хэрэглэгч хэмждэггүй, харин таны өгч буй үнэ цэнийг л хэмждэг" гэж хэлжээ.
Хэмжилт хийхгүй, зөвхөн "сэтгэл, зүтгэлээрээ" бүх ажлыг "нугалах" боломжгүй. Иймд уншигч, хэрэглэгчдэд хэрэгтэй, тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн ажил хийж байгаа эсэхээ хянах, "удирдах"-ын тулд номын санчид хэмжилт хийхэд анхаарал хандуулах шаардлагатай байна. Хэмжилт хийхдээ эхлээд гар аргаар хөтөлж байгаа бүртгэлүүдээ цахим хэлбэрт шилжүүлэх, дараа нь ямар талбарыг нэмэх, шаардлагагүй ямар талбар хасах, эсвэл өөр бүртгэл шинээр бий болгох гэх мэт шийдлээ хайх нь илүү оновчтой юм.
Соёл олон нийтийн ажлын цахим бүртгэлийн талаар мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарна уу.



