Номын сангийн үйлчилгээний цэгийн байршил хүртээмжид нөлөөлөх нь

 Т.Хайдав

МУҮНС-ийн МАЗЭШ Хэлтсийн дарга

Удиртгал

Орон нутгийн иргэдийн мэдлэгийн гарц болсон нийтийн номын сан нь хувь хүн, нийгмийн бүлгийг насан туршдаа суралцах, бие даан шийдвэр гаргах, соёлыг хөгжүүлэх үндсэн нөхцөлийг бүрдүүлдэг (IFLA/UNESCO Public Library Manifesto 1994, 1994). Энэхүү нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нийтийн номын сангийн үйлчилгээ хүн бүрт хүртээмжтэй байх ёстой бөгөөд бусдыг гадуурхах байдлаар нийгмийн нэг бүлэгт чиглээгүй байх зарчимтай (Christie, Barbara, & Sjoerd, 2010). Иймээс нийтийн номын сан нийгмийн аль нэг бүлгийг орхигдуулахгүйн тулд тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх шаардлагатай болдог.

Үндэсний статистикийн хорооны 2022 оны 04 сарын 21-нд оруулсан мэдээгээр байнгын уншигчийн тоо 191,348 байгаа нь(Үндэсний статистикийн хороо 2022)  нийтийн номын сангууд нийт хүн амын 5.6% хүрч үйлчилж байгаа тоон үзүүлэлт бий. Төв, орон нутгийн нийтийн номын сангийн 2021 оны статистик мэдээг нэгтгэж үзэхэд судалгаанд хамрагдсан 22 номын сангийн уншигчид нь үйлчилгээний хүрээнд хамрагдах ёстой хүн амын 3% хүрч үйлчилж байна гэсэн үр дүн гарсан. Энэ нь нийтийн номын сангийн баримталж буй тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх үндсэн зарчим, зорилго хангалтгүй байгааг харуулж байна. Өндөр хөгжилтэй орнуудын нийтийн номын сан иргэддээ хүрч үйлчлэх тал дээр маш их анхаарал хандуулдаг, тухайн орон нутгийн иргэдийн дийлэнх хувьд хүрч үйлчилгээ үзүүлж байгааг Т.Хайдав 2015 онд “Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж” нэртэй судалгаандаа онцлон дурдсан. Уг судалгаанд АНУ-ын Висконсин мужийн иргэдийн 60% нийтийн номын санд бүртгэлтэй байсан нь тухайн үеийн Монгол улсын нийтийн номын сангийн уншигчдын нийт хүн амд эзлэх хувь хэмжээнээс даруй 6 дахин өндөр үзүүлэлт харагдаж байсан. АНУ болон Монгол улсууд нь улс төр, эдийн засаг, нийгмийн зохион байгуулалт, болон соёлын их зөрүүтэй ч нийтийн номын сангийн үйлчилгээнд хамрагдаж байгаа иргэдийн хувь хэмжээ хэтэрхий их зөрүүтэй байгаа нь энэ сэдвийг онцлон судлах хэрэгцээг илэрхийлж байгаа болно. 

Монгол улсын хувьд нийтийн номын сан жилд хэдэн хүнийг уншигчаар бүртгэх, хэдэн ном олгосон байх ёстойг “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага” MNS 5742 дугаартай стандартаар тодорхойлдог. Уг стандартаар аймаг болон Улаанбаатар хотын дүүргийн номын сангууд жилд 3800-гаас доошгүй байнгын уншигчдад тавин таван мянгаас дээш ном олгож үйлчлэх, Улаанбаатар хотын төв номын сангийн хувьд 7500-гаас доошгүй байнгын уншигчид 112500-гаас дээш ном олгож үйлчлэхээр (Стандарт, хэмжил зүйн газар 2019) шалгуур тогтоосон байдаг. 

2019-2021 онд аймаг, нийслэлийн нийтийн номын сангууд байнгын уншигчийн шалгуурын 73%, Ном олголтын шалгуурыг 392% гүйцэтгэжээ. Стандартын шалгуурын дагуу авч үзвэл энэ хугацаанд хүртээмжийн үзүүлэлт өндөр мэт байгаа ч үйлчилгээ үзүүлэх ёстой хүн амын дөнгөж 9% нь номын сангийн үйлчилгээнд хамрагдсан байна. 

Иймээс үйлчилгээний хүртээмжид хамгийн их нөлөөлдөг хүчин зүйл болох номын сангийн үйлчилгээний цэгийн байршил(Christie, Barbara, and Sjoerd 2010, 57) нь төв, орон нутгийн номын сангийн байнгын уншигчийн тоонд хэрхэн нөлөөлж байгааг олж тогтоох шаардлага гарч ирсэн.

Зорилго:

Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжид номын сангийн байршил чухал үүрэгтэй болохыг олж тогтоох нь энэхүү судалгааны үндсэн зорилго болно.

Судлагдсан байдал:

Хайдав Т. 2015 онд хийсэн “Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж” өгүүлэлдээ “АНУ-ын Висконсин мужийн нийтийн номын сангуудын нягтаршил нь Монголын нийтийн номын сангийн нягтралаас 9 дахин их байгаа нь үйлчилгээний хүртээмжид нөлөөлж байна (Хайдав 2015, 25)” гэсэн санааг гаргасан.

Ч. Мөнх-Эрдэнэ 2019 онд Library Update номын санчдын зөвлөгөөнд танилцуулсан илтгэлдээ хотын хүн амын нягтаршил хаана байгаа, номын сангийн төвлөрөл хаана байгаа тухай газрын зурагт суурилсан судалгаа хийсэн. Энэ нь номын сангийн хүртээмжид газрын зураг ашиглах талаар хийсэн судалгаа гэж үзэж болно.

В.Түвшинтогтох 2021 онд Удирдлагын академид “Төрөөс иргэдэд үзүүлж буй соёлын үйлчилгээний хүртээмжид хийсэн шинжилгээ” сэдвээр магистрын зэрэг хамгаалсан. Тэрээр дипломын ажилдаа асуулгын аргаар уншигчийн хэрэгцээ, шаардлагыг судалсан бөгөөд “Уншигч гэрээсээ номын сан хүртэл зарцуулах хугацаа” ямар байгааг тодруулсан асуулт асуужээ. Уг асуултад санал өгсөн уншигдын 10% гэрээсээ номын сан хүртэл 1-10 минут, 58% нь 11-20 минут, 15% 21-30 минут, 17% 30 минутаас илүү хугацаа зарцуулдаг (Түвшинтогтох 2021, 44) гэсэн хариулт өгсөн байна.

Арга зүй

Судалгааны хүрээнд Дархан-Уул аймгийн төв номын сан, Орхон аймгийн номын төв, Завхан аймгийн нийтийн номын сангийн хамгий идэвхтэй уншигчид буюу сүүлийн 1 жилийн хугацаанд номын санд хамгийн олон удаа ирсэн, хамгийн олон ном авч уншсан “шилдэг 100 уншигч”-ийн гэрийн хаягийн мэдээлэлд тулгуурлан хамаарлын шинжилгээ хийлээ. Хамаарлын (Корреляцийн) шинжилгээ нь хувьсагч хоорондын статистик харилцааг судалдаг бөгөөд номын сан судлалын салбарт түгээмэл ашиглагддаг (“Research Methods | Tools, Publications & Resources” 2014) судалгааны арга юм.

Энэхүү судалгааны хүрээнд уншигч номын сангаас хэр хол амьдарч байгаа нь үйлчилгээний хүртээмжид хэрхэн нөлөөлж байгааг корреляцийн (2 хүчин зүйлийн хамаарлын) шинжилгээний аргаар олж тогтоохыг зорьсон.

Коррелцийн шинжилгээ хийхдээ дараах томьёо ашигласан болно.

Үүнд:

  • rxyx ба y хувьсагчдын хоорондын шугаман хамаарлын корреляцийн коэффициент

  • xi – түүвэр дэх x хувьсагчийн утгууд

  • x хувьсагчийн утгуудын дундаж

  • yi – түүвэр дэх y-хувьсагчийн утгууд

  • ȳy-хувьсагчийн утгуудын дундаж

Шинжилгээний хариу буюу хамаарлын коэффицент нь -1 ээс 1 хооронд ямар ч утгыг авч болно. Утгын тайлбар нь:

-1: Төгс сөрөг хамаарал

0: Хамааралгүй. Утгын хооронд ямар ч хамаарал байхгүй.

1: Төгс эерэг хамаарал(“Correlation - Overview, Formula, and Practical Example” 2020).

Томьёоны дагуу өгөгдлийг гараар тооцоолж болох хэдий ч үүнийг тооцоолох олон программ хангамж байдгийн нэг нь бидний өдөр тутмын ажилдаа ашигладаг Excel программын CORREL функцээр хялбар шийдэх боломжтой. Тиймээс энэхүү судалгааны өгөгдлийг  MS Excel программын CORREL функц ашиглан хамаарлыг тогтоосон болно.

Судалгааны таамаглал

  1. Номын сангийн ирцэд “шилдэг уншигчид” голлох нөлөө үзүүлж байгаа бөгөөд тэдний гэр номын сантай ойрхон байдаг. Хамаарлын коэффицент нь -1 рүү илүү ойр байна.

  2. Номын санд ойрхон (2км радиус дотор амьдардаг) амьдардаг иргэд номын сангаар байн байн үйлчлүүлэх боломжтой тул хамгийн олон ном авч уншиж, ирцийн тоог ихээр нэмэгдүүлдэг.

Үр дүн

Судалгааны ажлын хүрээнд  аДархан-Уул аймгийн төв номын санд 2022.03.29-2022.04.01 ний өдрүүдэд, Орхон аймгийн номын төвд 2022.04.12-2022.04.15-ны өдрүүдэд, Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын санд 2022.0615-2022.17-ны өдрүүдэджиллаж сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн олон ном авч уншсан 100 уншигчийн жагсаалтыг гаргаж, ном авсан тоогоор нь эрэмбэлсэн. 

Жагсаалтад байгаа уншигчдын гэрийн хаяг номын сангаас хэдэн километрийн зайд байгааг газрын зураг дээр тэмдэглэх замаар тодорхойлоход Дархан-Уул аймгийн төв номын сангийн шилдэг уншигчдын 91 хаяг, Орхон аймгийн номын төвийн шилдэг уншигчдын 99 хаяг, Завхан аймгийн төв номын сангийн шилдэг уншигчдын 112 хаяг, нийт 302 уншигчийн гэрийн хаяг хүснэгт №1-ийн дагуу тодорхой болов.

Хүснэгт № 1 Сүүлийн 1 жилийн хугацаанд номын сангаас хамгийн олон ном авч үйлчлүүлсэн уншигчдын гэрийн алслагдсан байдал

Км - радиус

Дархан

Орхон

Завхан

Нийт тоо

1

59

37

50

146

2

25

4

36

65

3

3

18

10

31

4

4

17

14

35

5

0

23

2

25


91

99

112

302


Хүснэгтэд байгаа уншигчийн гэрийн хаяг номын сангаас хэдэн километрийн зайд амьдарч байгааг хамаарлын шинжилгээ хийж үзвэл хамаарлын коэффициент нь -0.9 буюу хүчтэй сөрөг хамааралтай гэсэн үр дүн гарлаа. Энэ нь номын санд ойрхон гэртэй иргэд тухай номын сангийн үйлчилгээнд хамгийн их хамрагддаг гэсэн үг.

Хүснэгт № 2 Уншигчийн гэр номын сангаас алслагдсан байдлын хамаарлын коэффициент


Хамаарлын коэффицент --

маш хүчтэй урвуу хамаарал


Дархан

Орхон

Завхан

Нийт тоо

Хамаарал

-0.9

-0.2

-0.9

-0.9

Дүгнэлт

Номын сангийн олон улсын холбооноос (IFLA) эрхлэн гаргасан “Нийтийн номын сангийн үйлчилгээний удирдамж”-д “...уншигчид төвлөрсөн газар номын сангийн үйлчилгээний цэг, салбар байгуулах нь чухал…” хэмээн үйлчилгээний хүртээмжид байршил ямар чухлыг онцолсон. Үүний дагуу нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжид үйлчилгээний цэгийн байршил чухал үүрэгтэй болохыг олж тогтоох зорилгоор хийсэн судалгааны үр дүнд Дархан-Уул аймгийн төв номын сан, Орхон аймгийн номын төв, Б.Явуухулангийн нэрэмжит төв номын сангийн үйлчилгээнд сүүлийн 1 жилийн хугацаанд хамгийн их хамрагдсан “шилдэг 100 уншигч”-ийн гэрийн хаяг номын сангаас хэр хол зайд байгааг судалж үзлээ. Нийт 302 уншигчийн хаягийн мэдээлэлд судалгаа хийхэд дийлэнх нь номын санд 2 километрээс бага зайд амьдардаг болох нь тогтоогдсон.

Номын сангийн үйлчилгээнд байнга хамрагддаг эдгээр уншигчдын гэрийн хаягийг 0-1 километр, 1-2 километр, 2-3 километр, 3-4 километр, 4 ба түүнээс дээш километрийн тойрогт амьдардаг гэсэн 5 зайд хувааж, алслагдсан байдал, номын сангийн уншигчийн тоонд хэрхэн нөлөөлж байгаа хамаарлын шинжилгээ хийсэн. Уг шинжилгээний үр дүнд уншигчийн гэр номын санд ойр байх тусам номын сангийн үйлчилгээнд хамрагдах нь их байдаг гэсэн дүгнэлтэд хүрч байна. Судалгааны үр дүнд “Номын сангийн ирцэд “шилдэг уншигчид” голлох нөлөө үзүүлж байгаа бөгөөд тэдний гэр номын сантай ойрхон байдаг. Хамаарлын коэффицент нь -1 рүү илүү ойр байна” гэсэн судалгааны таамаглал батлагдлаа.

Иймээс уншигчид олноор төвлөрсөн газар номын сангийн үйлчилгээний тогтмол ажиллагаатай цэг байгуулах нь нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нэг гол хүчин зүйл юм.

Талархал

Судалгааны мэдээлэл цуглуулахад туслалцаа үзүүлж, хамтран ажилласан Дархан-Уул аймгийн төв номын сангийн хамт олон, Орхон аймгийн номын төвийн хамт олон, Б.Явуухулангийн нэрэмжит Завхан аймгийн төв номын сангийн хамт олонд гүн талархал илэрхийлье.


Ашигласан эх сурвалж

  1. Үндэсний статистикийн хороо. 2022. “Нийтийн номын сан, байнгын уншигчид, номын фондны тоо аймаг,бүсээр.” Статистикийн мэдээллийн нэгдсэн сан. https://1212.mn/tables.aspx?tbl_id=DT_NSO_2002_001V1&13999001_select_all=0&13999001SingleSelect=_T1_T2_T3&SOUM_select_all=0&SOUMSingleSelect=_0&YearY_select_all=0&YearYSingleSelect=_2021&viewtype=table.

  2. Хайдав, Т. 2015. “Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмж.” Номын санч 1 (2015/01): 22-25.

  3. Түвшинтогтох, В. 2021. Төрөөс иргэдэд үзүүлж буй соёлын үйлчилгээний хүртээмжид хийсэн шинжилгээ.

  4. Стандарт, хэмжил зүйн газар. 2019. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага.” Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага. https://estandard.gov.mn/standard/reader/1758#20-xzkyfnnacbnyhbvo.jpg.

  5. Стандарт, хэмжил зүйн газар. 2019. “Номын сангийн орчны нөхцөл, үйл ажиллагаанд тавих шаардлага MNS 5742 : 2019.” https://estandard.gov.mn/standard/v/1758.

  6. Christie, Koontz, Gubbin Barbara, and Koopman Sjoerd. 2010. IFLA Public Library Service Guidelines. N.p.: De Gruyter Saur. https://repository.ifla.org/handle/123456789/988.

  7. “Correlation - Overview, Formula, and Practical Example.” 2020. Corporate Finance Institute. https://corporatefinanceinstitute.com/resources/knowledge/finance/correlation/.

  8. “IFLA/UNESCO Public Library Manifesto 1994.” 1994. IFLA Repository. https://repository.ifla.org/handle/123456789/168.

  9. “Research Methods | Tools, Publications & Resources.” 2014. American Library Association. https://www.ala.org/tools/research/larks/researchmethods.