Австралийн "Шинэ өмнөд Уэльс" мужийн номын сангийн хүртээмж

Нийтийн номын сан нь хувь хүн, нийгмийн бүлгүүдийн насан туршдаа суралцах, бие даан хөгжих, соёлын хөгжилд хувь нэмэр оруулах нөхцөлийг бүрдүүлдэг.

Нийтийн номын сан хүний хөгжилд дэмжлэг үзүүлэхдээ үйлчилгээний хүрээнд хамрагдаж байгаа хүн амд аль болох хүртээмжтэй байдлаар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай. Бусад улс орнуудын нийтийн номын сан хүн амын хэдэн хувьд хүрч үйлчилж байгаа туршлага судалж,  өөрт тохирох дэвшилтэт аргыг нэвтрүүлэх нь манай улсын нийтийн номын сангууд үйлчилгээний хүртээмжээ нэмэгдүүлэх нэг боломж юм.

Австралийн "Шинэ өмнөд Уэльс" мужийн нийтийн номын сангуудын статистик мэдээллийг Монгол улсын 21 аймаг болон Улаанбаатар хотын нийтийн номын сангийн зарим үзүүлэлттэй харьцуулан харуулав.

Хүн ам & Номын сангийн тоо


Номын сан Хүн ам (2023) НС тоо 1 НС ногдох хүн ам
1 Шинэ өмнөд Уэльс  8,339,615 361 23,101
2 21 аймаг + УБ 2,344,863 22 106,585

Австралийн  "Шинэ өмнөд Уэльс" муж нь 8,339,615 оршин суугчтай бөгөөд энд бие даасан 361 номын сан үйл ажиллагаа явуулдаг байна. Харин Улаанбаатар хот болон 21 аймгийн төвд 2023 оны байдлаар 2,344,863 оршин суугч амьдарч байв.

Номын сан НС тоо Нийт ажилтан 1 НС ажилтан 1 ажилтанд ногдох хүн ам
1 Шинэ өмнөд Уэльс 361 2,506 7 3,328
2 21 аймаг + УБ 22 370 17 6,337

Австралийн  "Шинэ өмнөд Уэльс" мужийн 361 номын санд нийт 2,506 номын санч ажиллаж байгаа нь нэг номын сан дунджаар 7 ажилтантай бөгөөд нэг номын санчид 3,328 оршин суугч ногддог ажээ. Улаанбаатар хот болон 21 аймгийн нийтийн номын сан 2023 оны байдлаар 370 ажилтантай бөгөөд нэг номын санд 17 ажилтан ногдож байгаа бол нэг номын санч 6,337 оршин суугчид үйлчилгээ үзүүлэхээр байна.

"Шинэ өмнөд Уэльс" мужийн номын сангуудын веб сайтад жилд 14 сая хандалт хийгдэж байгаа нь нэг номын санд 38,781 хандалттай гэсэн үг юм. Нийт хүн амын 34% буюу 2,8 сая хүн нийтийн номын санд бүртгэлтэй бол манай улсын дээрх 22 номын санд 127,546 хүн буюу үйлчилгээнд хамрагдах ёстой нийт хүн амын 5% уншигчаар бүртгүүлжээ.
Номын сан Уншигчийн тоо Уншигч / Хүн амд эзлэх хувь Ирцийн тоо Ирц / Хүн амын хэдэн хувь
1 Шинэ өмнөд Уэльс 361 НС 2,800,000 34% 26,700,000 320%
2 21 аймаг + УБ 127,546 5% 605,810 26%

Хүснэгтийн мэдээллийг графикаар харуулбал.


"Шинэ өмнөд Уэльс" мужийн номын сангууд үйлчилгээний хүрээнд хамрагдах хүн амын 34% хүрч үйлчилсэн бол манай улсад энэ үзүүлэлт доогуур байгаа нь харагдаж байна.
Дараах зурагт Австралийн  "Шинэ өмнөд Уэльс" мужийн нийтийн номын сангуудын зарим үзүүлэлтийг харуулав.


Сан хөмрөгийн нийт тоо: 13.5 сая
Уншигчдад олгосон ном, баримтын тоо: 39.7 сая

Сан хөмрөгийн эргэлт: 294% (Нэг ном 3 удаа уншигдсан, нэг уншигч 14 ном авч уншжээ... Манай 22 номын санд энэ үзүүлэлт 74%)
Эргэлтийг тооцохдоо Эргэлт=Олгосон ном/Сан хөмрөгийн нийт тоо гэсэн томьёо ашиглав.
Сан хөмрөгийн эргэлт ямар байх нь бүрдүүлэлтийн чанартай шууд хамааралтай (УНШИХ) байдаг. 
Тухайн улсын хөгжил, эдийн засгийн боломж гэх мэт олон хүчин зүйлээс шалтгаалах ч бид үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх талаар анхаарч ажиллах шаардлагатай болжээ.

Ашигласан эх сурвалж:

  1. Public library statistics. https://pls.sl.nsw.gov.au/managing-my-library/public-library-statistics
  2. Tumur, Khaidav. (2022). Үндэсний ном зүй ба нийтийн номын сангийн сан хөмрөг бүрдүүлэлтийн өнөөгийн байдал: Current status national bibliography and acquisition of public library's collection in Mongolia. 10.13140/RG.2.2.17431.14249
  3. Хайдав Т. Нийтийн номын сангийн үйлчилгээний хүртээмжид нөлөөлөх хүчин зүйлс. https://ecatalog.nationallibrary.mn/cgi-bin/koha/opac-detail.pl?biblionumber=1155253