Одоогоос хорь гаруй жилийн тэртээ Монгол улсад интернэтэд суурилсан зайн сургалт хөгжиж эхэлж байлаа.
Тухайн үед Соёлын дээд сургуулийн захирлаар Д. Бат-Эрдэнэ багш ажиллаж байсан бөгөөд хүний нөөцийн хөгжилд ихээхэн анхаарал хандуулдаг, ялангуяа залуу багш, ажилтнуудаа дэмжиж, тэдэнд итгэл хүлээлгэж чаддаг байв. 2008 оны хаврын нэг өдөр Захирал манай өрөөнд (103 тоот) орж ирээд орон нутгийн номын санчдын эрэлт хүсэлт, интернэтэд суурилсан зайн сургалтын хөгжлийн талаар ярилцаж байхдаа "...энэ ажлыг манай сургуульд хэрэгжүүлэх боломжтой юу?, ...судлаад үз..." гэж надад санал болгосон юм.
Саналын дагуу 2008 оны 9 сар хүртэл зайн сургалтын талаар судалгаа, туршилт хийсний дүнд "moodle" системд тулгуурласан, "Интернэтэд Суурилсан Зайны Сургалт" төслийг боловсруулж тэр оныхоо намар эхлүүлсэн байдаг.
Зураг № 1. Төслийн файлын нүүр хуудасны зураг
Төсөл нь үйл ажиллагааны орлогоор санхүүжих загвартай учир хөрөнгө босгох талаар санаа зовох шаардлагагүй байлаа. Сургалтад ихэвчлэн хөдөө, орон нутгийн номын санчид элсэх сонирхолтой байсан тул байгууллагаас нь дэмжиж хүсэлт ирүүлсэн номын санчдыг элсүүлэн авч байв.
Зураг №2. Ажилтнаа "Интернэтэд суурилсан зайны сургалт"-д хамруулахыг хүссэн албан бичиг
Сургалт эхэлж, түүнээс хойш олон тооны номын санчид сургалтын энэ хэлбэрээр суралцаж "Номын сан мэдээллийн ажилтан" мэргэжил эзэмшсэн юм.
Зураг №3. Анхны элсэгчдийн төлөөлөл. 2009 оны 4-р сар.
Анхны элсэгчдийн бараг тал хувь нь Орхон аймагт байв. Интернэт ашиглан зайнаас суралцаж байгаа оюутнуудын нөхцөл байдлыг судлах, зөвлөгөө өгөх зорилгоор 2009 оны 4 сард төслийн зохицуулагч, тэнхимийн багш нар Эрдэнэт хотод очиж уулзалт хийгээд буцахдаа авхуулсан зураг.
Оюутнууд хичээлээ судлах нь уламжлалт аргаас өөр байсан тул суралцагчийн гарын авлагыг цахим хэлбэрээр боловсруулж ашиглуулж байв.
Зураг № 4. Суралцагчийн гарын авлага
Багш нар сургалтын агуулга боловсруулах, хичээл заах, суралцагчийг үнэлэхдээ багшид зориулсан гарын авлага ашигладаг байлаа.
Зураг № 5. Багшийн гарын авлага