Цахим гэрчилгээ (сертификат) олгодог боллоо

Сүүлийн үед номын санчид ямар нэг сургалтад хамрагдсаны дараа сертификат байгаа эсэхийг асуудаг болжээ. Учир нь тухайн номын санч тайлан, ажлын үнэлгээнд зориулж сурч хөгжсөн гэдгээ тайлбарлах хэрэгцээ тулгарч байна.

Иймд энэ жилээс миний хувьд зохион байгуулсан сургалтдаа цахим гэрчилгээ (сертификат) олгодог боллоо.

Гэрчилгээ нь уг сургалтад суусныг батлах  баримт болох ба онлайнаар хаанаас ч шалгаж болдог давуу талтай.

Ажил олгогчийн хувьд цахим гэрчилгээ баталгаатай эсэхийг шалгаснаар уг ажилтан үнэхээр сургалтад сууж мэдлэг чадвараа дээшлүүлсэн эсэхийг тодруулах, нөгөө талаас номын санчийн хувьд ямар нэг сургалтад суусныг нотлох баримт болох юм.

Миний зохион байгуулсан сургалтад хамрагдсан номын санчид дараах загвар бүхий цахим гэрчилгээ авч болно.

Зураг № 1. Цахим гэрчилгээний бүтцийг тайлбарласан нь

Дараах үндсэн хоёр шалгуурыг хангасан номын санч цахим гэрчилгээ авч болно.

  1. Аль нэг сургалтын агуулгыг бүрэн гүйцэд үзэж судалсан байх,
  2. Сургалтаар олж мэдсэн зүйлээ ажилдаа хэрэглэх мэдлэг, чадвар эзэмшсэн гэдгээ баталсан байх. (Хийж хэрэгжүүлсэн зүйлээ харуулах, тайлбарлах гэх мэт. Тухайн сургалтын онцлогоос шалтгаална.)

Сертфикатыг гар утсаар шалгах:

Цахим сертификатын дугаарыг шалгахдаа эхлээд QR кодыг утасны камераар уншуулж "Шалгах хуудас"-ыг нээнэ.

Зураг № 2. Сертификатын QR Кодыг гар утсны камераар уншуулж байгаа нь
Шалгах хуудас нээгдсэний дараа LS-XXXXXX гэсэн тэмдэгт харагдаж буй хэсэгт өөрийн сертификатын дугаарыг бичиж "Шалгах" товч дарна.
Зураг № 3. Сертификатын дугаар шалгасан байгаа нь. (Гар утасны дэлгэцээр харагдах байдал)
Уг сертификат баталгаажсан бол суралцагч, сургалтын нэр, сертификат олгосон огноо бүхий "Баталгаатай Сертификат" гэсэн сануулга гарч ирнэ.
Харин бүртгэлийн дугаар тохирохгүй бол дараах сануулга гарч ирнэ. Энэ тохиолдолд сургалт зохион байгуулагчтай холбогдож тодруулна уу.
Зураг № 4. Сертификатын дугаар тохирохгүй үед харагдах сануулга