Т.Хайдав: 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй

 Өнөөдөр сонины сэтгүүлч А.Тэмүүлэнтэй хийсэн ярилцлага. 

Эх сурвалж: https://www.unuudur.mn/a/273679


Монгол Улсын Үндэсний номын сангийн Мэргэжил, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга, доктор Т.Хайдавтай ярилцлаа. Тэрбээр номын сангийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх нь чухал гэдгийг онцолсон юм. Үүний тулд олон хүчин зүйлийг сайжруулах шаардлагатай болохыг судалгааныхаа үр дүнгээр баталжээ.

-“Нийтийн номын сангийн хүртээм­жид нөлөөлөх хүчин зүйл” сэдэвт судал­гааны ажлаараа та докторын зэрэг хам­гаалсан юм билээ. Орон нутгийн бо­лон нийслэлийн номын сангуудыг судал­гаан­даа бүрэн хамруулж чадсан болов уу? 

-“Нийтийн номын сангийн хүртээмж” сэд­вээр 2015 онд өгүүлэл бичсэн юм. Ингэхдээ Мон­гол Улсын нийтийн номын сангийн тоог АНУ-ын Висконсин мужийнхтай харьцуулсан. Энэ мужид нэгж талбайд есөн номын сан ног­дож байсан бол манай улсын хувьд ганц л бай­даг. Тиймээс номын сангийн хүртээмжийн та­лаар илүү гүнзгийрүүлэн судлахаар шийдсэн. Судалгааны ажилдаа нийтийн номын сан­гийн хөгжил, өнөөгийн байдал зэргийг ч тус­га­в. Түүнчлэн хүртээмжид нөлөөлөх хүчин зүйл­сийг тодруулахын тулд 21 аймгийн нийтийн номын сангийн үйл ажиллагааг судалснаараа онц­лог­той.

-Номын сангийн хүртээмж гэдэгт юуг хамруулах вэ?  
-Хүртээмжийн талаарх олон янзын тодор­хойлолт бий. Зарим нь хүртээмж гэдэг бол ун­шигч­­дын тав тухтай байдалд анхаарах буюу үйл­­чил­гээ үзүүлэгчдийн бэлэн байдал хэмээн то­­­­дор­­хойлсон байна. Эдгээрийг харгалзан үзээд ту­хайн үйчилгээг хүртэх ёстой хүн амын хэ­­­­дэн хувьд нь хүргэснээр хүртээмжийг тог­тоо­но гэсэн дүгнэлтэд хүрлээ.  

-Номын сангийн тухай хуульд нийг­мийн бүх гишүүнд хүрч ажиллана гэж заа­сан шүү дээ. Манай улсын номын сан­гууд энэ­хүү үүргээ хангалттай биелүүлж чадаж байгаа юу? 
-Зөвхөн Монголд ч гэлтгүй олон улсад нийтийн номын сан бүр нийгмийн бүх гишүүнд хүрч ажиллахыг зорьдог. Манай улсад нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хүн амын 8.9 хувийг эзэлдэг. Идэвхтэй уншигч, эсэхийг нь шалгавал дахиад өөр дүн гарах байх. Өөрөөр хэлбэл, 100 хүн тутмын 91 нь номын санд очдоггүй гэсэн үг. Хүний хөгжлийн индекс болон нийтийн номын санд бүртгэлтэй уншигчдын тоо хоорондоо хэр хамааралтай вэ гэдэгт анхаарлаа хандууллаа. Үүний дүнд хүний хөгжлийн индексээр дээгүүрт жагсдаг улсад нийтийн номын сангаар үйлчлүүлэгчдийн тоо олон байгааг олж харсан. Жишээлбэл, Исланд улс хүний хөгжлийн индексээрээ дэлхийд гурав­дугаарт жагсдаг бөгөөд хүн амын 41 хувь нь нийтийн номын санд бүртгэлтэй байна. Ха­рин доогуур байрт жагсаж буй улсад энэ нөхцөл байдал эсрэгээрээ.  

-Өнөөгийн нөхцөл байдлыг тодор­хой­лохын тулд судалгаагаа хэрхэн явуулав?
-Нийтийн номын сангийн хүртээмжид нөлөө­лөх 10 хүчин зүйлийг сонгосон. Орчны нөхцөл бай­дал буюу уншигчдын тав тухыг хангасан, эсэх, талбайн хүрэлцээ, сан хөмрөгийн тоо, хэм­жээ зэргийг багтаасан. Мөн сан хөмрөгийн но­мын бүрдүүлэлт, ажиллах цаг, үйлчилгээ үзүү­лэх цэгийн байршил зэргийг ч харгалзсан юм. 

-Уншигчдын олонх нь хэдэн насныхан  бол? 
-Социологийн гурван төрлийн судалгаа хий­сэн. Тухайлбал, номын санд бүртгэлтэй ун­шиг­чид, тухайн орон нутгийн номын сангийн үйл­чилгээнд хамрагдаагүй бүртгэлгүй иргэд, мөн нийтийн номын санд ажиллаж байгаа но­мын санчдаас гээд гурван төрлийн судалгаа  явуул­сан юм. Уншигчдын дийлэнх хувийг хүүхдүүд эзэлдэг. Энэ нь тэдэнд чөлөөт цаг их байдагтай хол­боотой байж магадгүй. Өөрөөр хэлбэл, су­рагчдын хичээлийн бус цаг, номын сангийн ажил­лах хуваарь нийцтэй байна гэсэн үг. Мөн уншигч­дын дийлэнх хэсгийг эзэлдэг судлаачид, төрийн албан хаагчдын тоо цөөрсөн нь номын сан­гийн ажиллах хуваарьтай холбоотой байж бол­зошгүй. Ажил хөдөлмөр эрхэл­дэг хүмүү­сийн чөлөөт цаг нь номын сангийн ажил­лах ху­ваарьтай тохирдоггүй нь энэ судал­гаагаар тодор­хой харагдаж байна. Тий­мээс ца­гийн ху­ваа­рийг шинэчлэх шаард­лага­тай гэсэн дүг­нэлт гаргасан.  
Номын санчдаас танай номын сангаар хэн үйлч­лүүлж байна гэхэд “хүүхдүүд” гэж хариул­даг. Тиймээс хийж байгаа ажлын дийлэнх нь хүүх­дүүд рүү чиглэдэг. Номын санчид “Манай ажлын цаг тохиромжтой” гэж хариулсан. Аж­лынх нь цагаар байнгын уншигчидтай болохоор ингэж үзсэн байх. Гэтэл уншигчдын олонх нь хүүхэд байна шүү дээ. 

-Манай улсад мэргэжлийн номын санч хэр олон байдаг вэ. Тэдний саналыг судалгаандаа тусгасан болов уу? 
-21 аймгийн нийтийн номын сангийн ажилч­дын тоо харилцан адилгүй бөгөөд дундаж нь 14. Орхон аймгийн нийтийн номын сан хамгийн олон буюу 22 номын санчтай бол Хэнтийд найм байна. Түүнээс гадна номын санчдын хэдэн хувь мэргэжлийнх вэ гэдгийг ч харгалзаж үзсэн. Нийтийн номын санд мэргэжлийн номын санчид дутагдалтай шүү дээ. Мөн номын сан­чид цахим уншлагын үйлчилгээ хүртээмж­гүй байгааг хүлээн зөвшөөрсөн.

-Номоо бүрдүүлэхдээ уншигчдын эрэлт, хэрэгцээнд нийцүүлдэг үү? 
-Бүрдүүлэлт нийтийн номын санд маш чухал. Гэтэл 21 аймгийн нийтийн номын сан­гуу­дын бүрдүүлсэн номын дийлэнх нь уран зо­хиолынх байна. Мэдээж уншигчдын хэрэгцээ, шаард­лагад нийцүүлээд уран зохиолын номоор бая­жуулсан нь тодорхой. Гэвч зөвхөн уран зо­хиолын ном аваад байвал энэ чиглэлийг со­нир­­хогчид л ирнэ шүү дээ. Байгалийн шинжлэх ухаан, хөдөө аж ахуй, компьютертой холбоотой номын захиалга уншигчид яагаад өгөхгүй байна. Энэ нь эргээд номын сангийн бүрдүүлэлттэй холбогдож, уншигчдын бүтцийг тодорхойлоход нө­лөөлдөг. Өөрөөр хэлбэл, нийгмийн бүх ги­шүүнд хүрч ажиллана гэсэн зарчим нь номын бүр­дүүлэлт хийхээс эхлээд алдагджээ. Энэ нь нийтийн номын сангийн бодлого сул байгааг харуулна. 

-Хүүхдийн төв номын санд тасал­гаа­ны­хаа температурыг тодорхой түвшинд хадгалахын тулд савтай ус байнга тавьд­гийг харж байсан. Орон нутагт нөхцөл бай­дал ямар байна? 
-Миний хувьд номын сангийн үйлчилгээг түлхүү судалсан учир сан хөмрөгийн хадгалалт, хамгаалалтыг тэр бүр хөндөөгүй. Гэхдээ орон нутагт ч энэ байдал ялгаагүй. Нөхцөл байдал бүр ч дор жишээ бий. Жижиг зай талбайтай номын сангууд номоо хэт их шахаж байрлуулдаг. Зарим нь Хүүхдийн төв номын сан шиг Хөгжимт драмынхаа театртай зэрэгцэж байрладаг. Үүний улмаас үйлчлүүлэгчид анхаарлаа төвлөрүүлээд, тайван ном унших нөхцөл бүрддэггүй.  

-Дүгнэлтдээ үндэслээд нөхцөл байдлыг сайжруулах хэд хэдэн арга боловсруулсан гэв үү?  
-Нийтийн номын сан маш чухал байгууллага. Зарим улсад номын сангийн өгөөж гэсэн тооцоо гаргадаг юм байна. Олон улсын судалгаануудад дурдсанаар нийтийн номын санд нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийхэд өгөөж нь дунджаар таван төгрөг болдгийг баталсан нь ч бий. Ийм чухал байгууллагын үйл ажиллагаа өнөөдөр доголдоод байна. Хоёрдугаарт, хүртээмжийг нь нэмэгдүүлэхийн тулд нийтийн номын сангийн тоог олшруулах хэрэгтэй. Улаанбаатар хотын ний­тийн номын сан социализмын үед 20 гаруй сал­бар, уншлагын газартай байсан. Харин өнөө­дөр дөрөв болжээ. 
Үндэсний номын сангийн шинэ барилгыг ашиг­лалтад оруулаад удаагүй байна. Гэтэл ши­нээр бүртгүүлэгчдийн олонх нь ойролцоох их, дээд сургуулийн оюутнууд, Сүхбаатар дүүр­гийн 11 дүгээр хорооны оршин суугчид буюу ойр ор­чимд нь амьдардаг хүмүүс. Тухайн уншиг­чийн ажил, гэрт номын сан ойр байвал тэр хүн үйлч­лүү­лэх магадлал нь өснө гэсэн үг.  
Судалгаанд оролцсон, номын сангаар үйлч­лүүл­дэггүй хүмүүсийн дийлэнх нь “Би зав­гүй учраас номын сангийн үйлчилгээг гэртээ ав­маар байна” гэсэн санал илэрхийлсэн. Тиймээс номын сангийн үйлчилгээг гэрт нь хүргэх маш чухал. Номын санг уншигчдын гэрт хэрхэн хүргэхэд анхаарах хэрэгтэй болжээ. Үүний тулд цахим номын санг хөгжүүлэх шаардлагатай. Орон нутгийн нийтийн номын сан бүр хувь­даа автомашинтай ч зөөврийн номын сан ажил­луулахад өртөг өндөр. Иймд бага зардлаар ун­шигч­дын гэрт номын сангийн үйлчилгээг хүргэх хэд хэдэн аргыг судалгаандаа онцоллоо. Дундговь аймгийн нийтийн номын сангийнхан дуудлагын дагуу цахилгаан дугуйгаар (мопед) ном хүргэж байх жишээтэй. Бусад улс оронд дроноор ном хүргэх үйлчилгээ нэлээд хөгжсөн. Энэ үйлчилгээг манай улсад нэвтрүүлэх бо­ломж бий. Аймгийн төвүүдэд дрон нисгэхэд зөв­­шөөрөл шаардах нь харьцангуй бага болов уу. Үүнээс гадна өөртөө үйлчлэх автомат но­мын санг аймгийн төвүүд, алслагдсан суурин газ­руу­дад байршуулж болно. 

-Монголд хүчин төгөлдөр мөрдөж буй стан­дартуудтай үр дүнгээ харьцуулж үзсэн болов уу? 
-Монгол Улсад номын санд мөрддөг 20-иод стандарт бий. Эдгээрээс үйлчилгээтэй шууд холбогдох нь Номын сангийн орчны стандарт, түүний хавсралтууд юм. Гэсэн ч хавсралтыг үнд­сэн стандарт гэж үзэхэд хэцүү. Ном бүр­дүү­лэхтэй холбоотой стандарт байдаггүй. Олон улсын удирдамжид зааснаар 20 000 хүн амд үйлчилгээ үзүүлж буй аймгийн номын сан жилд 5000 ба түүнээс олон ном, хэвлэлийн бүтээг­дэ­хүүнээр сан хөмрөгөө баяжуулах шаард­лагатай гэж үздэг. Нөгөөтээгүүр, стандарт баримталж ажил­лаж буй, эсэхэд хяналт тавих үнэлгээний сис­тем хэрэгтэй. Үүнд үндэслээд алдаагаа засах ёс­той. Зөвхөн номын санч бус, бодлогын түв­шинд тогтолцоонд нь анхаарал хандуулах ёс­той юм. 

-Техник, технологийн хөгжлийн нөлөө­гөөр хүмүүсийн амьдралын хэв маягт багагүй өөрчлөлт гарсан. Үүний нэг жишээ нь ном уншихын оронд подкаст сонсох, интернэтээс мэдээллээ хайх зэргийг түгээмэл ашиглаж байна. Тиймээс номын сангийн өнөөгийн үйл ажиллагааг ч эдгээртэй холбох шаардлагатай байх? 
-Судалгаандаа нийтийн бүтээгдэхүүний онолыг ашигласан юм. Төрөөс үнэ төлбөр­гүй­гээр хүргэж буй үйлчилгээ доголдох үед түү­нийг орлох бүтээгдэхүүн гарч ирдэг гэж энэхүү онолд тусгасан байгаа. Таны дурдсан зүйлсийг хүмүүс ашиглаж байна гэдэг нь номын сангийн үйлчилгээ нэгэнт доголдож, түүнийг орлох бүтээгдэхүүн хэрэглээнд нэвтэрсэн гэсэн үг л дээ. Цахим уншлагын үйлчилгээг хөгжүүлж, хүр­тээмжийг нэмэгдүүлэх арга бий. Жишээ нь, Үндэсний номын сангийн нэгдсэн цахим сис­темийг өнгөрсөн онд ашиглалтад оруулсан. Энэ ажил үр дүнд хүрвэл таны дурдсан дээрх үйлчилгээнүүдийг ч багтаах боломж бий. 

-Үндэсний номын сангийн шинэ барилгад үйлчлүүлэгчдээ хүлээж аваад багагүй хугацаа өнгөрлөө. Төв болон салбар номын сангийн уншигчдын тоо тогтвортой байгаа юу?
-Төв байранд уншигчид тогтвортой ирж байгаа. Судлаачид голдуу үйлчлүүлдэг. Шинэ ба­рил­гатай болсноор уншигчдын тоо огцом нэ­мэгд­сэн. Шинэ байранд голдуу залуучууд ирж үйлчлүүлж байна.

А.Тэмүүлэн 

Эх сурвалж: https://www.unuudur.mn/a/273679

Энэхүү ярилцлагыг UB Post англи хэл рүү орчуулсныг эндээс уншиж болно. 

Dr. T.Khaidav: Most people do not visit libraries https://www.ubpost.mn/a/13318