МУҮНС-ийн ажилтнуудын төлөөлөл 2025 оны 07 сард "Нобелийн шагналтнуудын номын сан"-гаас зохион байгуулсан "Номын сангийн туршлага судлах аялал" арга хэмжээнд оролцож БНХАУ-ын үндэсний номын сан болон Бээжин хотын Фэнтай дүүргийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаад ирлээ. Энэхүү туршлага судлах аялалын хүрээнд олж мэдсэн мэдээлэлд тулгуурлан БНХАУ-ын номын сангийн хөгжлийн талаар өөрийн ажигласан зүйлсээ тэмдэглэн үлдээв.
БНХАУ-ын Үндэсний номын сан
Шинэ барилга

2025.07.04-ний өдөр БНХАУ-ын үндэсний номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
БНХАУ-ын үндэсний номын сан нь 3 барилгатай бөгөөд нийтэд үйлчилдэг шинэ барилгаа бидэнд танилцуулав. Энэ барилга нь 2008 онд ашиглалтад орсон, 80,000 м2 талбайтай, өдөрт дунджаар 8-10 мянган хүн зочилдог(ирц) ажээ. Харин номын сангийн 3 барилгын хувьд нийтдээ 280,000 м2 талбайтай, жилд дунджаар 5.8 сая хүн зочилдог гэнэ. Номын сан 1000 гаруй ажилтантай боловч харуул хамгаалалт, цэвэрлэгээ үйлчилгээ гэх мэт бидний нэрлэж заншсанаар "аж ахуйн" ажлыг гэрээт байгууллагаар гүйцэтгүүлдэг юм байна. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор үзнэ үү. https://www.nlc.cn
Шинэ барилгын хамгийн алдартай гол танхим
(2025.07.04 09:49 цагт авсан зураг)
Гол танхимыг тойроод тогтмол хэвлэл, намын гишүүдийн танхим гэх мэт олон тооны тооны уншлагын танхимтай бөгөөд бүгд уншигчдаар дүүрсэн байв. Гол танхимд уншигчдад туслах, чиглүүлэх үүрэг бүхий ажилтнууд "зохицуулах" үүрэг гүйцэтгэнэ.
Уншигчийн бүртгэл, гэрээр ном авах гэх мэт үйлдэл хийхэд зориулсан киоск машины ажиллах зарчмыг тайлбарлуулж байгаа нь
Өдөрт хэдэн мянган хүн орж гардаг, олон тооны хүн карт нээлгэх шаардлагатай тул алхам бүрд ажлыг хөнгөвчлөх ухаалаг төхөөрөмж ашиглаж байна.
Уншигч өөртөө үйлчлэх киоск машин
Энэ ухаалаг машин нь төлбөрийн бүх боломжийг дэмждэг, уншигчийн карт нээлгэх, сунгалт хийх, зарим нэмэлт үйлчилгээний барьцаа төлөх гэх мэт үйлдлийг номын санчийн тусламжгүйгээр уншигч өөрөө хийж гүйцэтгэхэд зориулагджээ.
Төв барилга
Үндэсний номын сангийн төв барилгад эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлийн уншлагын танхимууд байрлаж, сан хөмрөгөөс захиалж уншдаг үйлчилгээтэй.
Төв байрны мэдээлэл, лавлагаа, захиалгын хэсэг
Номын санчдын сууж буй энэ лангууны ард үндсэн сан хөмрөгөөс захиалсан ном ирэх "дамжлагын төхөөрөмж" байрладаг. Хэрэглэгчийн захиалгыг үндсэн сан хөмрөгөөс тусгай төхөөрөмжид хийн явуулахад лангууны ард ирж, дараа нь хэрэглэгчийн гарт хүрдэг байна.
Төв байрны мэдээлэл, лавлагаа, захиалгын хэсэг
Хэдийгээр хаалттай сан хөмрөгөөс үйлчилж байгаа ч энэ хэсэгт уншигч өөртөө үйлчлэх киоск машин байрлуулсан нь номын санчид ирэх ачааллыг бууруулдаг ажээ.
Үндэсний номын сангийн бэлэг дурсгал, соёлын зүйл зарах автомат машин
Үндэсний номын сангийн бэлэг дурсгал, соёлын зүйл зарах автомат машин
Хүн ам ихтэй, ажилтны тоо хангалттай ч ном, соёл, бэлэг дурсгалын зүйл зарах, гэрээр ном олгох зэрэг "туслах" ажилд автомат төхөөрөмж түлхүү ашиглаж байна.
Каталогийн шүүгээ
Төв байрны хуучны карт каталогоо устгаагүй ч шинэ номд карт бичихгүй, зөвхөн цахим каталогт оруулна. (Бусад улсад хуучны карт каталогийн шүүгээн дээр тухайн каталогоос хэдэн он хүртэлх номыг хайж болохыг зааж өгсөн самбар байрлуулсан байдаг)
Бээжин хотын Фэнтай (Fengtai) дүүргийн нийтийн номын сан
Монгол Улсын Үндэсний номын сангийн төлөөлөл Фентай дүүргийн номын сантай танилцаж байгаа нь.
2025.07.05 ны (Бямба гараг) өглөө Бээжин хотын Фэнтай дүүргийн нийтийн номын сангийн үйл ажиллагаатай танилцав.
Номын сангийн үйл ажиллагааны статистик мэдээллийг харуулсан самбар.
Энэ самбарын зураг авах үед Бээжин хотод 2025.07.05 өглөөний 10:22 цаг болж байв. Уг самбарт номын сангийн үйл ажиллагаатай холбоотой зарим статистик үзүүлэлт, мөн уншигчдад санал болгох шинэ номын танилцуулга зэрэг "онцлох" мэдээллийг байрлуулжээ. Самбарт байгаа зарим мэдээллийг Гүүглийн тусламжтай орчуулж харуулав. Үүнд:
- Өнөөдөр ном гэрээр авсан уншигч 2025-08-16 өмнө номоо буцааж өгнө үү. (Зургаан 7 хоног)
- Энэ долоо хоногийн зочдын тоо -19,385
- Энэ сард ирсэн зочдын тоо - 16,424
- Өнөөдөр зочилсон - 1,026
- Бүртгэлтэй уншигчийн тоо - 55,212
Номын сангийн 1 давхрын "чөлөөт хэсэг".
Сандал ширээ олдоогүй уншигчид аль нэг суудал сулрахыг хүлээнгээ ном уншицгааж байна. Энэ нь хурал, уулзалт гэх мэт соёл олон нийтийн арга хэмжээ зохион байгуулах үед мөн ашиглагдах боломжтой.
Бүх суудал дүүрсэн. Сандал, ширээ, залгуур ашиглах боломжтой болсон эдгээр уншигчид өнөөдрийн хувьд илүү үр бүтээлтэй өнгөрүүлнэ.
Бүх уншигч өөрийн хийж буй зүйлдээ шимтсэн байна.Нэг танхимд насанд хүрэгчид, хүүхэд хамтдаа суугаад ном уншиж байгаа нь.Эдгээр уншигчид ширээ олдоогүй ч суух сандалтай байна.
Номын сангийн суудал дүүрсэн тул тавиурт ном байрлуулахад зориулсан шат ашиглаж буй уншигчид.
Ширээ сандалгүй үлдсэн уншигчид сууж болох бүх боломжийг ашиглаж байна. Жнь. Шалнаас дээш өргөгдсөн хэсэг, шат гэх мэт.
АЖИГЛАЛТ:
БНХАУ-д номын сангийн хөгжил, номын сангийн хэрэглээ өндөр түвшинд хөгжиж байна.
Технологи: Номын сангийн салбарт нэвтэрч буй өндөр технологийн дэвшил хятадын номын санд ердийн хэрэглээ болжээ. Уншигч бүртгэл, тавиурт ном байрлуулах, номын тооллого, гэрээр ном олгох, ном олгох автомат номын сан, хяналт, хамгаалалтын системүүд нь хамгийн сүүлийн үеийн технологийг ашиглаж байна.
Дээрх хоёр номын сантай танилцах явцад гараар бүртгэх, тоолох гэх мэт гар ажиллагааг олж харсангүй. Бүх үйл ажиллагаандаа автомат төхөөрөмж ашиглаж, бүртгэл, статистикийн тоо баримтыг цахимаар шийддэг ажээ.
Үйлчилгээний хүртээмж: Номын сангийн үйлчилгээ нь зөвхөн барилгаар хязгаарлагдахгүй, веб сайт, зөөврийн номын сангийн үйлчилгээ (ном олгох, буцаах үйлчилгээ үзүүлэх автомат машин) зэрэг бүхий л боломжийг ашиглан хүртээмжийг нэмэгдүүлж байна.
Хэрэглээ: (Номын сан ашиглах хүмүүсийн хэрэглээ буюу үнэлэмж)
Зарим хүмүүс гэртээ, эсвэл ажил дээрээ суугаад сурах, судлах ажлаа амжуулдаг бол судалгаа шинжилгээ хийх, өөрийгөө хөгжүүлэх, шинэ мэдлэг эзэмших, сурсан мэдсэнээ давтахдаа цагийг үр бүтээлтэй өнгөрүүлье гэвэл номын санд суух нь илүү дээр байдаг.
БНХАУ-ын аль ч номын сан ачаалал ихтэй, бүтэн өдрийн турш хөл хөдөлгөөнтэй байгааг иргэд нь номын сангийн үнэ цэнийг ойлгож, түүний үр шимийг хүртдэгтэй холбоотой гэж үзэж болно. Хятад залуус номын сангийн үнэ цэнийг ойлгосон тул эндхийн номын сангууд үргэлж уншигчаар дүүрэн, ачаалал ихтэй байна.