ИФЛА/ЮНЕСКО Цахим номын сангийн тунхаглал
Цахим хуваагдлыг арилгах: Дэлхий нийтийн соёл болон шинжлэх ухааны өвийг хүн бүрд хүртээмжтэй болгох
Цахим хуваагдал бол мэдээллийн хуваагдал юм
НҮБ-ын мянганы хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйлийн нэг нь цахим хуваагдлыг арилгах юм. Мэдээллийн нөөцөд хандах боломж болон харилцаа холбооны хэрэгслийн хүртээмж нь эрүүл мэнд, боловсрол, соёлын болон эдийн засгийн хөгжилд дэмжлэг үзүүлдэг.
Мэдээллийг нээлттэй түгээх нь иргэдэд насан туршдаа сурч боловсрох боломжийг олгодог. Дэлхийн ололт амжилтын талаарх мэдээлэл нь бүх хүнд өөрсдийн нийгмийн орчныг бүрдүүлэхэд, бүтээлчээр оролцох боломж олгодог.
Хүн төрөлхтний соёлын болон шинжлэх ухааны өвд тэгш хандах нь өнөөгийн төдийгүй хойч үеийнхэнд баялаг, олон талт байдлыг судалж, ойлгоход тусалдаг.
Номын сангууд нь энх тайван, хүний үнэт зүйлийг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэгч байсаар ирсэн. Өнөө цагт номын сангууд цахим хэлбэрээр үйл ажиллагаа явуулж, цахим үйлчилгээ нь мэдлэг, мэдээллийн ертөнцөд шинэ суваг нээж, соёлыг газар нутаг болон нийгмийн хил хязгааргүйгээр холбож байна.
Цахим номын сангууд
Цахим номын сан гэдэг нь уншигч хэрэглэгчид хайлт хийх, хадгалах, ашиглахад шаардлагатай үйлчилгээгээр дэмжигдсэн, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зарчмын дагуу бүрдүүлж, зохион байгуулсан, тогтвортой байдлаар ашиглах боломжтой цахим хэлбэрт шилжүүлсэн баримтын онлайн цуглуулга юм.
Цахим номын сан нь шинэ технологийг ашиглан цахим сан хөмрөгт нэвтрэх үйлчилгээний салшгүй хэсэг болдог. Цахим номын сангийн сан хөмрөг нь нийгэм, нийгмийн бүлгүүдэд зориулж эдийн засгийн хувьд хялбар, ашиглах боломжтой байдлаар үүсгэж зохион байгуулагддаг.
Хамтарсан цахим номын сангууд нь нийгмийн мэдээллийн хэрэгцээнд нийцүүлэн нийтийн болон эрдэм шинжилгээний номын сангуудад цахим мэдээллийн сүлжээ байгуулах боломжийг олгодог.
Цахим номын сан нь цахим архив болон мэдээллийн нөөцийг хадгалах санаачилгыг нэгтгэдэг.
Зорилго, зорилтууд
Цахим номын сангийн эрхэм зорилго нь цахим болон уламжлалт хэлбэрийн аль ч хэлбэрт байгаа нарийн зохион байгуулалт бүхий баталгаатай мэдээллийн нөөцөд шууд хандах боломжийг олгох, улмаар орчин үеийн номын сангийн үйлчилгээнд боловсрол, соёл, мэдээллийн технологийг холбох явдал юм.
Эрхэм зорилгоо хэрэгжүүлэхийн тулд дараах зорилтуудыг хэрэгжүүлнэ:
Соёлын болон шинжлэх ухааны өвийг цахим хэлбэрт шилжүүлэх, хадгалах ашиглахад дэмжлэг үзүүлэх.
Номын сангийн сан хөмрөгт байгаа мэдээллийн нөөцөд бүх хэрэглэгчид хандах боломж олгохдоо оюуны өмчийг дээдэлнэ.
Нээлттэй стандарт, нээлттэй хандалтыг (open access) дэмжих цахим номын сангийн системийг бий болгох.
Нийтлэг стандарт, шилдэг туршлагыг сурталчлах номын сан, мэдээллийн үйлчилгээний чухал үүргийг дэмжинэ.
Цахим материалын байнгын хүртээмжтэй байдлыг хангахын тулд тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд нэн шаардлагатай мэдлэг (ойлголт) бий болгох.
Цахим номын санг өндөр хурдаар судалгаа, хөгжүүлэлтийн сүлжээнд холбох.
Цахим агуулгыг бүтээх болон түгээхдээ хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон байгууллагын харилцаа холбооны өсөн нэмэгдэж байгаа давуу талыг ашиглах.
Агуулга бүтээх, хадгалалт, түгээлт
Цахим номын сан бүрдүүлэхэд цахим хэлбэрт шилжүүлсэн, эсвэл цахимаар бүтээгдсэн(төрмөл) агуулга байхаас үл хамааран тодорхой агуулгын эх үүсвэр шаардагддаг.
Цөөнгүй улс орнууд цахимд шилжих өөрийн үндэсний хөтөлбөрийг бий болгосон байдаг бөгөөд мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн дээд хэмжээний уулзалтаас зөвшилцсөний дагуу бусад улс орнууд ч бас үүнийг хийх болно. Номын сангийн олон улсын холбоо (IFLA) нь цахимд шилжүүлэх олон улсын болон үндэсний хэмжээний стратегийг аль алиныг нь тодорхой номын сан болон түншлэлийн санаачилгын адил дэмжиж ажилладаг. Цахим хэлбэрт шилжүүлэх үйл ажиллагаа нь тив дэлхий дамнасан материалын виртуал сан хөмрөг үүсгэх боломжийг олгодог.
Цахим хэлбэрт шилжүүлсэн бүтээгдэхүүнийг хадгалах ёстой, түүнчлэн төрмөл цахим материалыг ч хадгалах ёстой. Бүхий л цахим номын сангийн санаачилга нь зохих эрх бүхий байгууллагын (баталсан) хадгалалт, хамгаалалтын төлөвлөгөөтэй байх ёстой.
Цахим номын сан нь мэдлэг, мэдээллийг бүтээх, түгээх, хэрэглэх болон хадгалах зэрэг амьдралын бүхий л мөчлөгт дэмжлэг үзүүлэх замаар сан хөмрөг, үйлчилгээ үзүүлэх, хүмүүсийг нэгтгэх орчин юм.
Харилцан үйлдэл болон дэмжих чадвар нь цахим номын сангууд хоорондоо харилцах, холбогдох зорилгын гол түлхүүр юм. (Мэдээлэл солилцдог байдал) Нээлттэй стандарт болон нээлттэй протоколд нийцсэн цахим номын сангууд нь дэлхийн хэмжээнд мэдлэг тархах, түүнийг ашиглах хүртээмжийг сайжруулдаг.
Тунхаглалыг хэрэгжүүлэх нь
Олон улсын номын сангийн холбооноос (IFLA) засгийн газар, нутгийн өөрөө удирдах газар болон ивээн тэтгэгчдэд (хандаж) цахим номын сангийн стратегийн ач холбогдлыг хүлээн зөвшөөрч, хөгжлийг идэвхтэй дэмжиж байхыг зөвлөж байна. Томоохон цахим хөтөлбөрт оруулсан хувь нэмэр нь соёл, шинжлэх ухааны мэдээллийн нөөцийг илүү өргөн цар хүрээтэй болгох, урт хугацаанд тогтвортой байх үндэсний болон олон улсын цахим номын сангийн санаачилгыг хэрэгжүүлэхэд тусалдаг.
Цахим хуваагдлыг арилгах, тогтвортой хүртээмжийг хангахын тулд засгийн газар болон нутгийн өөрөө удирдах байгууллагаас эрх зүйн болон санхүүгийн тодорхой дэмжлэг шаардлагатай байдаг. Аливаа урт хугацааны стратеги нь цахим хуваагдлыг арилгах, боловсрол, бичиг үсэг тайлагдалт, соёлын хөгжлийг бэхжүүлэх бөгөөд гол нь мэдээлэлд тэгш хүртээмжтэй хандах боломж олгоход чиглэгдэх ёстой.
Цахим хуваагдлыг арилгахын тулд боловсролын байгууллагуудын сургалтын хөтөлбөрт мэдээллийн боловсрол олгох хичээлийг оруулах, түүнчлэн өнгөрсөн үеийн үнэ цэнэ бүхий ихэнх мэдээлэл цахим хэлбэрт шилжээгүй байгаа тул холбогдох байгууллагууд арга хэмжээ авах шаардлагатай байна.
Номын сангийн олон улсын холбоо (IFLA) нь номын сангуудыг соёл, шинжлэх ухааны өвийн бусад байгууллагуудтай хамтран боловсрол, судалгаа, аялал жуулчлал, бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих баялаг агуулга бүхий олон талт цахим эх үүсвэрээр хангахыг зөвлөж байна.
Зохиогчийн эрх эзэмшигчид болон бусад оролцогч талуудтай зөвшилцөх нь нэн чухал юм. Цахим номын сан үүсгэхэд оролцож буй дизайнерууд болон хэрэгжүүлэгчид биет болон биет бус соёлын өвийг цахим хэлбэрт оруулахдаа хүний эрх, хүсэл сонирхлыг хүндэтгэх үүднээс нутгийн иргэдтэй зөвлөлдөх, санал бодлыг тусгах хэрэгтэй. Цахим номын санг хэрэгжүүлэхдээ харааны болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тусгай хэрэгцээг хангах замаар агуулгын тэгш байдлыг хангах ёстой.
Аль ч түвшний (үндэсний, бүс нутгийн, орон нутгийн) цахим номын сангуудын төлөвлөлт хийхдээ дараах асуудлуудыг хамарна гэдгийг удирдлагууд мэдэж байх хэрэгтэй:
Бэлтгэгдсэн хүний нөөц
Барилга байгууламж, орчин
Номын сан, архивын нэгдсэн төлөвлөлт
Санхүүжилт
Тодорхой зорилго, зорилт
Мэдээллийн нийгэмлэгийн дэлхийн чуулга уулзалтаас санал болгосны дагуу үндэсний цахим стратегиуд нь цахим номын сан төлөвлөх баталгаатай үндэс суурийг бий болгож чадна.
Энэхүү тунхаглалыг номын сангийн олон улсын холбоо (IFLA) 2010 оны 12 сард баталсан.
Сүүлийн шинэчлэл: 2018.07. 13
Англи эхийг харьцуулж харах бол дараах холбоосыг ашиглана уу.